Хагас жил гаруй хөөцөлдсөний эцэст өнгөрсөн долоо хоногт л тэр надад утсаа өгсөн юм. Яриагаараа залхаахгүйн тулд гайгүйхэн шиг бэлдэж аваад залгах гэтэл яагаад ч юм “Гоодаль”-ийг анх уншиж байсан үе минь санаанд ороод болдоггүй. Тэгэхэд “Гоодаль” өөрөө “анхных” болоод удаагүй байсан цаг. Модель бүсгүй хайрцган дотор эв хавгүйхэн зогсоо бүдэг цэнхэр өнгийн нүүртэй өвлийн дугаарын сүүлийн хуудсыг харамлан харамлан, харамсан харамсан байж хаачихаад яг юуг уншаад, оюун санааны ямар том шуурганд өртчихөөд суугаагаа гайхсаар хоцорч билээ. Гэтэл одоо би хаалга, цонх нээж цоо шинэ агаар надад амьсгалуулсан тийм агуу сэтгүүлийн бүтээгч эзэнтэй нь амьдралдаа анх удаа ярих гэж байна. Ямар хоолойтой бол, яриаг минь дуустал нь сонсох болов уу, ярилцлага өгөхөөр зөвшөөрснөө мэдэх байгаа гэх мэтээр бодлууд бүчин аваад гарыг минь бараг л утаснаас нь салгахаа дөхсөн ч гэнэтхэн Амгалан гэдэг нэртэй хүнтэй ярих гэж байж ингэтлээ сүрдээд байгаа өөрийгөө гайхаж инээд хүрэв. Залгатал төсөөлснөөс хамаагүй гүдэсхэн, гэхдээ хүүхдийн хоолой аваад “Ээж гэртээ байгаа. Жаахан байж байгаад залгаарай” гэсэн юм.
Хар нүдний шилээ огтхон ч тайлалгүйгээр ярилцахыг хүссэн хатагтай одоо өмнө минь сууж байна. Түүнээс утас авсан шиг тийм хөөрхөн хүүхдийн “хоолой”-нуудыг төрүүлэгч эх хүн, хорвоо ертөнцийн хамаг сайхныг үзсэн тул гайхшрахаа нэгэнт больсон эмэгтэй, эр нөхөртөө л хайртай эхнэр, агуйн даяанч, юуг ч чухал гэж тооцдоггүй залхуу оюутан, карьертэй бас карьергүй бүсгүй, эцэс сүүлд нь дээс тоглоод л жаргалтай болчихдог тийм жаахан охин хүртэл харагдсан. Тиймээс би “Амгалан ямархуу хүн байна даа?” гэж эрхлэгчийгээ асуухад нь хариулт хэлж чадаагүй билээ. Гагц мэдэх зүйл гэвэл түүнийг илэрхийлэхэд ганц ярилцлага яагаад ч хүчирч хүрэхгүй аж.
Та Гоодаль сэтгүүлийг үүсгэн байгуулж, өдий зэрэгтэй болгосон хүн. Амьдралынхаа энэ олон жилийг зарцуулсан боловч одоо Та яаж ийм шуналгүй, хамааралгүй байж чадаж байна аа?
“Гоодаль” үр хүүхдээс минь өөрцгүй болохоор түүнийгээ хүнд өгөхдөө юу ч бодоогүй гэж хэлбэл худлаа. Гол нь цаашид олигтой байлгаасай л гэж хүсч байлаа. Гэхдээ бүх зүйл цагийн аясаар хувирч байдаг жамтай даа? Анх “Гоодаль”-ийг төрүүлж, торниулж байх үеийн сэтгэл бол одоо надад байхгүй. Ухаангүй дурлал хэсэг хугацааны дараа хайрын өөр хэлбэрт шилждэгтэй л адилхан байгаа биз дээ? Гэхдээ надад “Гоодаль”-ийн талаарх хамгийн нандин сэтгэгдлүүд бий. Хүнд өгчихөөд дараа нь харахад надад ямар байх бол, эвгүй санагдах болов уу гэж бодож үзэж байсан ч хүнийрхүү мэдрэмж төрдөггүйд нь би баяртай байдаг. Хүссэн хүсээгүй бид ямар нэгэн зүйлээс татгалзах хэрэгтэй л болдог шүү дээ. Үр хүүхэд нь гэрээсээ явна, амьдралын эрхээр хайртай зүйлсээ орхино, эхнэр нөхөр сална, ажлаа солино, үнэт зүйлсээсээ хүртэл урвана, бүгд жам ёсны л үзэгдэл.
Амьдралыг ойлгох тусам “Хөөх” гэж уулга алдмаар гайхалтай зүйлс ховор болоод байгаа мэт санагдах юм. Өчигдөрхөн гутлаа гартаа бариад хөл нүцгэн гүйж байсан мөртлөө өнөөдөр болоход тухайн үеийн мэдрэмж өнө эртний, хөндий хол болчихсон ч юм шиг. Таны хувьд гайхамшиг гайхамшиг биш болтлоо хуучрах үед “Тэгсэн ч би амьдралд хайртай хэвээрээ л байх ёстой” гэдэг хүчийг хаанаас, юунаас олдог вэ?
Залуу байхад бол үүнийг хорвоогийн сайн сайхан, байгаль, урлаг, гоо үзэсгэлэн, эр хүн, ном гээд өөр бусдаас л олчих гээд оролдоод байдаг байж. Гэвч тэр зүйл гаднаас олддоггүй. Ээж аав, нөхөр хүүхэд гээд хичнээн хайртай хүмүүс хүрээлэн байлаа ч чамаас өөр хэн ч чамд амьдралд дурлах хүчийг өгч чадахгүй.
Та амьдралдаа маш олон хүнтэй уулзсан. Тэднээс хамгийн гүн сэтгэгдэл үлдээсэн ярилцагч хэн бэ?
Хоёр адилхан зүйлийг зүйрлэж болно л доо. Энэ хоёр аяганы, хоёр модны аль нь вэ гэвэл нэгийг нь нэрлэчих байх. Гэхдээ тэс өөр зүйлсийг харьцуулахад хэцүү. Хүмүүс хоорондоо маш өөр. Хүн болгонд илүү бас дутуу зүйл байдаг болохоор бүгдийг нь дэнсэлбэл ижил тэнцүү оноотой л гарах байх. Уран зураг ч гэсэн тийм биз дээ? Бүгд үндсэн хэдхэн өнгөнөөс бүтэх мөртлөө хоорондоо зүйрлэхийн аргагүй өөр. Сайхан ярьдаг, сайхан сэтгэгдэл төрүүлж чаддаг супер ярилцагчид бий. Харин тийм биш боловч “мэргэжлийн” ярилцагчдаас ч илүү гүнзгий сэтгэгдэл үлдээдэг хүмүүс цөөн боловч бас байдаг. Харин тэднийг онцолж нэрлэвэл нэр цохолгүй үлдэх хүмүүст эвгүй.
Та гурван хүүхдийн ээж хүн. Хүүхдүүддээ өөрийнхөө ямар зан чанарыг өвлүүлэх юмсан, өгөх юмсан гэж хүсдэг вэ?
Тэгж бодох зүйл бол олон байлаа, тэднийг ирэхээс өмнө бол. Харин тэд тэгж миний хүссэнээр өвлөж авахгүй юм байна гэдгийг одоо би ойлгосон. Тийм болохоор энэ тухай бодоод ч хэрэггүй, яриад ч хэрэггүй юм байна лээ. Цаанаасаа тэр хүмүүст надтай учрахаас өмнө байсан зүйлс нь илүү нөлөөлөх юм байна гэдгийг ухаарсаар л явна. Харин миний чадах зүйл бол эрлээ үргэлжлүүлэхэд нь, хүссэнээ бүтээхэд нь л тус болох. Ер нь тус болж ч чадахгүй юм билээ л дээ.
Тэгвэл нөхрөөсөө хүүхдүүдээ өвлөж аваасай гэж бодох зүйл хэр их байна вэ?
Үнэнийг хэлэхэд надаас илүү аавыгаа дуурайгаасай гэж боддог. Аав нь маш тайван, сэтгэлийн тэнцвэртэй, ямар ч үед тодорхой байдаг хүн. Гэхдээ бас л өвлөж авахгүй л байна. “Дууны хурд хамгийн хурдан гэдэг чинь худлаа. Аав ээжийн хэлсэн үг 30 жилийн дараа л бидний орой руу ордог” гээд би бичиж байсан даа, хуудсан дээрээ. Үгийн утга гүнзгий байх тусмаа л ойлгогдох нь удаан байдаг бололтой. Одоо бол би хүүхдүүдээ хэзээ нэгэн цагт миний хэлснийг ойлгоосой ч гэж хүсэхээ байсан. Тэд минь өөрсдийнхөөрөө жаргалтай л байвал болоо.
Тэгвэл хүн өөрийгөө “Юм ойлгодог болчихлоо” гэж бодох нь нэг бодлын эндүүрэл болж таарах нь ээ?
Гэхдээ хүн тухайн цаг үе бүртээ хамгийн дээд амжилтаа л тогтоож байдаг шүү дээ. Өнгөрсөн жилийнхтэй одоогийн өөрийгөө харьцуулаад “Тэгэхэд би юу ч мэддэггүй байжээ” гэж бараг бүх хүн хэлэх байх. Маргааш болоход би өнөөдрийнхөөс арай л илүү ухаантай болсон байх нь гарцаагүй, гэхдээ өнөөдөр бол би өнөө байгаа өгөгдлийнхөө хэмжээнд төгс байгаа.
Ухаантай болохын хэрээр таны алдсан зүйл юу вэ?
Юм дангаараа ирнэ гэж байдаггүй. Ухааныг дагаж ирсэн зүйл гэвэл жишээ нь, бодит байдал байна. Сэтгүүлээ хийхээс өмнө хүмүүстэй уулзаад явж байхад “Нэг бол маш баян үгүй бол маш тэнэг хүн л сэтгүүл хийдэг” гэж хэлж байсан юм. Баян нь биш юм чинь нөгөөдөх нь л болж таарч байгаа биз. Тухайн үедээ бол дотроо “Чи өөрөө тэнэг” гэж хэлээд өнгөрсөн ч тун удалгүй тэр хүний хэлсэн зөв байж гэдгийг мэдсэн, гэвч оройтсон байсан, галт тэрэг аль эрт хөдөлчихсөн. Сэтгүүл хийх маш хэцүү, ялангуяа Монголд гээд л учир зүйгээр тооцоолоод, бодитоор эрэгцүүлээд бодоод байсан бол би хэзээ ч хийхгүй л байсан. Надад үргэлж л маш их шинэ санаанууд орж ирдэг ч ухааны шүүлтүүрийг давж чадахгүй шууд архив руу л шидүүлж байна даа.
Таамаглахын аргагүй ч гэлээ 5 жилийн дараа уулзвал та өөрийгөө яаж өөрчлөгдөнө гэж төсөөлж байна вэ?
Ямар ч гэсэн одоогийнхоосоо илүү “гоё” болчихсон байна. Тэр бол тодорхой. (Ингэж хэлэхдээ тэр жаахан охин шиг сонсдов. Б. Х.) Бас мэдээж илүү жаргалтай болсон байна байх. Бүх утгаараа өөрийгөө бүрэн хүлээн зөвшөөрсөн, өөртэйгөө эвлэрсэн гэсэн үг. Ертөнц хэвээрээ, амьдрал хэвээрээ, эргэн тойрны хүмүүс ч хэвээрээ, болдог юм болдгоороо болж, тохиолддог юмс тохиолдсоор л байх байх, харин би өөрийнхөө бүх сонголтонд бэлэн, өөртөө хүлээцтэй болно. Тэсгэл алдрах, тэсрэх тоо цөөрсөн байна гэж бодож байна.
Та амьдралаа төлөвлөдөг үү?
Хэт төлөвлөдөг. \Инээв. Б. Х.\ 10, 20, 30 жилийн дараа би тийм болно, тэгэхийн тулд ирэх жилд, сард, дараа долоо хоногт ийм юм хийнэ гэж төлөвлөдөг, яс гүйцэтгэхийн төлөө хичээдэг, гэхдээ яг санаснаар болохгүй байлаа гэхэд гуньдаггүй. Сарын дараа илүү өндөр түвшинд очиход төлөвлөгөө дагаад өөрчлөгдөнө гэдэгт бэлэн байдаг. Урд зүг рүү явж байгаа бол замдаа дайрах газруудаа цөөлөх, тав хонох байсан буудлаа гурав хоног болгож шийдэх жишээний юмс гарна. Гол нь хэзээд чигээ алдахгүй буюу урагшаа, урд тийшээгээ л явж байхад болно доо. Хийх зүйл хичнээн санаанд багтамгүй аварга байсан ч маш нарийн задалж, эрэмбэлээд түүнийхээ дагуу хэрэгжүүлээд явж байхад болж бүтэхгүй зүйл гэж ертөнцөд байхгүй.
Тэгвэл зүг чигээ дагах явцдаа ямар нэгэн байдлаар төөрвөл та хэнээс үг дуулах вэ? Өөрөөр хэлбэл “Нөхөр минь, жаахан буруу яваад байна шүү” гэж хэнийг анхааруулаасай гэж хүсэх вэ?
Хэн нэгэн миний луужин болоод зааж чиглүүлээд өгдөг ч болоосой гэх үе олон ч тийм юм даанч байхгүй юм даа. Яагаад гэвэл миний яг хаашаа яваад байгааг надаас өөр хэн ч мэдэхгүй.
Хүндэлдэг хүнээсээ хүртэл байнга өөрийгөө асуугаад байх нь тийм ч зөв шийдэл биш байж болох нь ээ дээ?
Жижиг зүйлийг бол харин ч асууж байх хэрэгтэй. “Би сэтгүүл хийх үү, болих уу?” гэх сонголтын асуудлыг биш харин “Би сэтгүүл хийхээр бат шийдсэн. Харин энэ буланг нь, тэр хэсгийг нь ингээд хийчихвэл яах бол, та юу гэж бодож байна вэ, таны туршлага юу байна вэ?” гэж асуух, санал солилцох, зөвлөлдөх тухай л энд ярьж байна.
Таныг “Гоодаль”-иас гарах үед олон хүн буруу зүйл хийлээ гэж үзсэн байх гэж бодогдоод байна?
Хүмүүс “Чи зарах хэрэггүй байсан, өөр боломж байсан” гэх мэтээр хэлдэг ч боломж байгаа гэдэг бол яг боломж өөрөө биш, энэ бол үг, тухайн үед бол би миний өмнө байгаа бодит санал, бодит байдлыг л харсан. “Гүүр хичнээн гоё байлаа ч дээр нь амьдарч болдоггүй” гэдэг биз дээ. Харин ахиж Гоодаль шиг сэтгүүл гарахгүй гэдэг бол үнэн. Би яг юу хийх гээд байгаагаа маш тод харж байсан. Миний урлаг судлалын эрдмийн бүтээл, хувцасны зураачийн мэргэжил, бичдэг ур чадвар, хамгийн гол нь хүнийг мэдэрдэг, нээдэг өгөгдөл, тухайн үед Гоодалийн замд учирсан олон мэргэжилтнүүдийн ид цэцэглэлттэй давхцаад үнэхээр дахин давтагдашгүй яруу тунгалаг их найрал болж чадсаныг би сайн мэддэг.
Та ээж болсноосоо хойш яаж өөрчлөгдсөн бэ?
Тэс өөр болсноо би өөрөө хүртэл гайхсан. Миний оюун ухааны тал маань эмэгтэй хүнийхээ талаас илүү хүчтэй гэж боддог байсан. Гэтэл хүүхэдтэй болоод байгаль эхийг дотроосоо мэдрээд ирэхээр бие минь ухаан санаа, үзэл бодлоос ч хүчтэй юм байна гэдгийг олж харсан. Ер нь оюуны амьдрал биеэс тусдаа оршдоггүй гэдгийг улам улам ухаарсаар л явна даа.
Ээж болсноосоо хойш таны зөрүүд зан хамгийн түрүүнд дарагдсан болов уу?
Зөрөх зөрүүдлэх ч чадалгүй болсон гэж хэлэх юм болов уу. Би их ядардаг болсон болохоор байгаа эрчмээ тэмцэхийн тулд бус бүтээх, эвлүүлэх зүйлд зарцуулах юмсан гэж бодох болсон. Өөрийнхөө зөвийг батлах, хүнийг хүссэнээрээ байлгах нь тийм ч чухал биш болчихдог юм байна. Харин дотоодын үнэт зүйлсийн тухайд урьдынх шигээ сэрээж, сэнхрүүлж, ялах гэж муйхарлахаа больсоон.
Таны бодлоор бид эрчүүдээс юугаараа, ямар зан чанараараа илүү гэж бардам хэлж чадах вэ?
Бид чинь асар хүчтэй. “Ярья гэвэл эрчүүд дээр оч, харин яг хийе гэж байгаа бол эмэгтэй хүн дээр оч” гэсэн Маргарет Тетчерийн үзэл санааг би феминист гэж огт үзэхгүй байна. Энэ бол зүгээр л бодит байдал. Ер нь урт хугацаанд тэвчээр шаардах юмыг голдуу эмэгтэйчүүд бардаг, ард нь гардаг. Эр хүн юу ч хийдэггүй, эрчүүдгүйгээр амьдарч болно гэх гэлээ гэж битгий буруу ойлгоорой.
Танд хэн нэгэн залууг хараад “Хөөх, эрэгтэй хүн гэдэг чинь ийм байдаг байх нь ээ” гэж бодож биширсэн тохиолдол бий юу?
Хэзээ ч үгүй. Эцсийн дүндээ чамайг сайн ойлгодог, зохицож чаддаг бол тэгээд л болоо. Зохирч чадахгүй бол эрийн хувьд төгс байгаад ч яах билээ. Эсвэл сайхан сэтгэлтэй байгаад ч яах юм. Муу хүн байсан ч намайг ойлгодог, надад эвтэй байхыг эрмэлздэг бол тэр л чухал. Нөгөө талаас, дээрх чанаруудыг хангаад, бусдын төлөө мэдрэг байдаг бол тэр хүн муу байх учиргүй. Сайхан сэтгэлийн талаарх ойлголт минь нийтийнхээс нэлээд зөрдөг. Чиний дотрыг ойлгох гэж хичээхгүй, чамд ямар байгаа талаар бодохгүй, “Чи чинь ямар сонин, ойлгомжгүй юм бэ? Хүнийг хар л даа, болоол бэйшт. Гэтэл чи?” гэх ба дугуй ширээг дөрвөлжин гэж хардаг чамайг бүх хүмүүс шоолж байсан ч “Энэ буланд суугаарай” гэж хэлээд, чиний олж үзээд байгаа буланг харах гэж оролдохын ялгааг би ярьж байна. “Чиний л төлөө” гэсэн лоозонгоор энэ ширээг дөрвөлжин биш дугуй гэдгийг мянга батлаад, чамайг өөрчлөхийг оролдоод байгаа сайхан сэтгэлтэнтэй би үлдэхгүй л болов уу. Харин нийгмийн жишгээр хөгийн амьтан байлаа ч дугуй ширээг дөрвөлжин гэж хардгийг чинь ойлгодог, дөрвөлжин гэж өөрөө үзэхгүй байлаа ч чиний хэлээр ярихыг оролддог бол, эр хүний талаарх үнэлэмжийг чинь мэдрэхийг хичээдэг бол хангалттай.
Амьдрал нь бүтэлгүйтсэнээс болоод олон эмэгтэй хүн эр хүнийг үзэн ядаж, тэднийг “хөгийн новш” гэж бодож, үүнээс цааш эр хүнд итгэхгүйгээр амьдрах гэж оролддог. Тэд яавал дахин итгэлээ олж эр хүний гоо сайханд өмнөх шигээ татагдах бол?
Миний үг хүмүүст хэрэг болно гэж бодож байна уу? Үгүй л дээ, гэхдээ чамд хэрэгтэй гэвэл би хариулъя. Бидний дотор эмэгтэй хүн байгаа цагт хэзээ ч эр хүнгүйгээр оршиж чадахгүй. Энэ бол зөвхөн бие махбодын тухай юм биш. Өөрөөр хэлбэл, эр хүн байгаа цагт л эмэгтэй хүний эмэгтэйлэг байх, байгалийн охин байх боломж дэлгэрдэг. Сахил хүртээд хосын харилцаанаас татгалзаж байгаа хүмүүс бол өөрийнхөө дотор байгаа эр, эм хүнийг “алж” байж тэр замыг сонгож байдаг байх. Хэрвээ эрчүүдийг хөгийн новш гэж бодвол бид ч гэсэн ялгаагүй хөгийн болж таарна. Хүн бүр алхам тутамдаа бусдын хүчээр, ачаар, амиар амьдарч байгаа шүү дээ. Жишээ нь, ижил бизнес эрхэлж байгаа хүмүүсийг чиний амжилт өвтгөж л таарна. Насан туршдаа ингэж хүссэн хүсээгүй бусдыг хөндөж амьдрах жам ёсыг ойлговол хөгийн байх нь хүний ч, миний ч нэг хэсэг гэдэгт арай хүлээцтэй хандах болов уу. Хэн нэгний түүхэнд хар мөр үлдээгээгүй нэг ширхэг ч хүн байхгүй. Бид бүгдээрээ хэн нэгний хувьд “хөгийн новш” явсан шүү дээ.
Хүслээрээ болгохыг “хүсч” байгаа болохоор л хүслээр маань болохгүй байгаа юм болов уу?
Жишээлбэл, нөхрөө би миний хүслээр байгаасай, хэлсэн бүгдийг минь биелүүлээсэй гэж боддог мөртлөө яг үнэндээ үүнийг хүсээгүй л байдаг. Хэрвээ хүслээр маань байдаг бол тэр сул дорой байх ёстой болно. Гэтэл хэрэг дээрээ бидэнд хүчтэй хүн л хэрэгтэй байгаа биз дээ? Тэгвэл хүчтэй байхын тулд тэр хүн бидний хүсэл болгонд захирагддаггүй байх ёстой шүү дээ. Нөхөр маань намайг “Эмэгтэй хүний уян хатан чанар байхгүй, зоргоороо, амиа хичээсэн” гэж хэлдэг ч яг өөрийнх нь хүслийн аясаар байгаад байвал хүсдэг хүсдэггүй юмаа ялгаж салгадаг, үнэ цэнээ мэддэг тийм эмэгтэй рүү явна. Угтаа би ч гэсэн надаас зөрдөг, өөрөө шийдвэр гаргаж чаддаг, өөртөө үнэнч болохоор нь л нөхрөө хүндэтгэдэг болж таарч байна.
Та ямар ч тохиолдолд өөртөө үнэнч үлдсээр байна гэж амлаж чадах уу?
Амлаж бол болно. Харин яг тийм байж чадах уу, үгүй юу гэдэг бол асуудал. Хүсээд л чаддаг байсан сан бол энэ амьдрал хамаагүй амархан байх байлаа. Чадахыг хүсч байгаа юу гэвэл: ТИЙМ. Би чадахыг хүсч байна. /Чин үнэнээ хэлж байгааг нь яг энэ мөчид мэдэрсэн. Б. Х./ Сайн зүйлийг бүтээхэд хүртэл дандаа сайн замаар бүтнэ гэж байдаггүй юм байна л даа. Бурхан багш анх гэрээс гарахдаа эхнэр, хүүхдээ орхиод явсан. Ахуйн нүдээр харах юм бол өөрөө л гэгээрэхийн тулд харанхуй шөнө “Явлаа, баяртай” ч гэж хэлэлгүй л гараад ирсэн, өөдгүй. Гэхдээ алсын зорилгоороо бол эргээд тэднийгээ аврахын тулд эхлээд өөрөө хүчийг олъё гээд л явсан шүү дээ. Хэлсэн бол явуулахгүй байсан байх. Сайн зүйл бүтэхдээ хүртэл хэн нэгнийг гишгэж дээш гарах болдог. Тэгэхээр үүнийг хүлээн зөвшөөрнө гэдэг туйлын хэцүү байгаа биз дээ? Мэдсээр байж гишгэнэ гэдэг? Тойроод гарчих өөр гарц байхгүй болохоор Бурхан багш гэр бүлийнхнээ зовоохоо мэдсээр байж л түүгээр гарсан байх даа. Би өөрөө “өвдөмтгий” болохоор бусдыг өвтгөхгүй юмсан гэж алхам бүртээ боддог. Жаахан бүдүүн баараг байсан бол ширэнгэн ойн дундуур явж байгаа юм шиг л цавчаад цавчаад өөртөө зам гаргаад явчих байхгүй юу, амар. Гэтэл би цавчиж чадахгүй болохоор ердийнхөөс удаан урагшлах нь бий. Гэхдээ яарах зүйл байхгүй. Энэ нас хүрэхгүй байсан ч дараа дараагийн нас хязгааргүй олон төрөл бий болохоор аль болох зөөлөн “Та эндээс холдчихвол ямар вэ?” гээд л хэлнэ дээ. /Инээв. Б. Х./
Танаас гарсан хүсэл мэдрэмжээ та өөрийгөө мөн гэж итгэх үү? Эргэлзэлгүйгээр дагаад явах уу?
Одоогийн байдлаар оюунаа бүрэн удирддаг болчихоогүй байгаа болохоор үзэл бодлоос илүү хүслээ, ухаанаас илүү мэдрэмжээ дагах үе байлгүй яахав. “Миний сэтгэлийг сонин болголоо”, “Сэтгэл маань эмзэглэж байна” гэж яриад байгаа боловч яг юуг сэтгэл гээд байгаагаа тов тодорхой мэдэхгүй л байна. Ухаан нь “Амгалаан, үүгээр явбал чи онхолдоно шдээ. Энэ чинь муруй, мухар зам” гэж хэлээд байхад л сэтгэл хөдлөлийнхөө урхинд ороод л нисэж үхэх гээд зүтгэдэг байх юм.
Гэхдээ та үүнийгээ л өөрийнхөөрөө амьдарсан “Золтой амьдрал” гэж үзнэ биз дээ?
Золтой амьдрал биш шүү дээ. Өөрийнхөөрөө дайраад, унаад босоод, хөөрөн дүүлэхийг жинхэнэ утгаар амьдрах гэж үзэх цаг байсан. Харин одоо бол үгүй. Ээж, удирдагч, гэрээ гийгүүлэгч болсон хүн “өөрийнхөөрөө л байх” юм бол ёстой золгүй юм болно.
Мэдсээр байж хийчихээд дараа нь харамсдаг уу?
Мэдээж харамсана. Гэхдээ дараагийн удаа яг ийм зүйл тохиолдоход өөрийгөө хорихоор оролдож байгаа чинь л сэрэлт юм. Шууд л бүр хийхээ болино гэсэн үг биш. Хүн нэг алдаад тэр алдаагаа дахиж давтдаггүй байсан бол дэлхий ертөнц, хүн төрөлхтөн өдийд ийм байдалтай байхгүй. “Гоодаль” бүтээлийн хувьд үнэхээр сайн бүтээл болсон, харин бизнесийн хувьд тийм ч сайн төсөл биш байсан. Амжилтыг зөвхөн мөнгөөр, гадаад хүчин зүйлсийн хувиар тавих юм бол би амжилтгүй хүн.
Хүмүүст ямар байдлаар дурсагдвал танд аятайхан санагдах вэ?
Дурсаасай гэж би бодох ч гүй байна. “Чи намайг үүрд хайрлана гэсэн яалаа?” гэж мартчихсан нэгнээс амыг нь хэзээ ч асуух хэрэггүйтэй адилхан. Үгүй ээ, хөөрхий минь тэгж хэлэх үедээ үнэн сэтгэлээсээ л тэгж бодсон байж таараа. Зүгээр л мөнх хайрлаж чадахгүйгээ мэдээгүй байсан байгаа юм. Үүрд гэж байхгүй шүү дээ. Одоо цаг л байдаг. Үүрд дурсана гэсэн хүмүүс цаашаа эргээд л мартана шүү дээ. Хүн муухай учраас биш, ерөөсөө л ертөнц ийм учраас гомдох, хүчлэх, дурсагдах гэх нь утгагүй.
Ярилцлагын зочдоосоо асуудаг гол асуултыг таниас асууя. Таны мөрөөдөл юу вэ?
Би далайн эрэг дээр амьдрахыг мөрөөддөг. Гэхдээ энэ биелэхгүй.
Яагаад?
Хэсэг аялах зочлох бол өөр, амьдрах бол өөр. Надад далайд амьдрах төрөлхийн чадвар, туршлага байхгүй. Одоо суръя ч гэсэн надтай хамт явах, эсвэл үлдэх хүмүүст энэ нь таалагдахгүй байж болно.
Таны амьдралдаа гаргасан хамгийн зөв шийдвэр юу вэ?
Одоо гаргах гэж байгаа. /Инээв. Б. Х./
2014 онд Амгалан эгч надтай ингэж ярилцаж байснаасаа хэдэн жилийн дараа сэтгэлзүйгээр суралцаж эхэлснээр монгол эмэгтэйчүүд бидэнд Сэтгэлэдгэрэлийн шинэ зам нээгдсэн билээ. Тухайн үед оюутны ширээнээс дөнгөж боссон нялх “ярилцагч” байсандаа эмээж эргэлзэж явсаар энэ бүтээлээ нийтлүүлээгүй юм. Харин 2025 онд Гоодалийн 20 жил болох гэж буйтай холбогдуулан “Гоодалийн Амгалан”-д энэ ярилцлагаараа бэлэг барья. 3 хүүхдийн ээж, гэргий, бизнес эрхлэгч болсон 10 жилийн өндөрлөгөөс энэ яриагаа уншаад орь залуухан өөрийгөө хязгааргүй ихээр хайрлав, намайг “тоож ярьсан” Амгаа эгчдээ, амьдралд, сансарт, буй бүхэнд хязгааргүй талархав!
Харин түүний гаргасан хамгийн зөв шийдлийнх нь талаар 2025 онд заавал ярилцана гэж өөртөө амлалаа.