Ээж маань надаас анх удаа “Давхраатай болох уу, миний охин?” гэж асуухад би 16 настай байв. Тэгээд үргэлжлүүлэн “Аймар гоё царайлаг болно шд, миний охин” гэв.
Ээжийн тэгж бодох нь ч зөв байв. Учир нь ээж маань дүүг маань гаргаад тухайн жилдээ зовхио татуулж, давхраа хийлгээд үнэхээр хөөрхөн, царайлаг болсон болохоор угийн давхраа алаг нүдтэй аав, түүнийг дуурайсан дүүгээсээ өөр, гэрээсээ ганц давхраагүй үлдсэн хүн нь би байв.
Тухайн үед өөртөө бүрэн итгэлтэй байдаг байсан болохоор яагаад ээж надаас ингэж асуусан юм бол, “Би хангалттай хөөрхөн биш байгаа юм байх даа” гэж бодож байснаа санаж байна. Тэгээд итгэлтэйгээр “Би хэзээ ч давхраа хийлгэхгүй ээж ээ” гэж хэлсэн ч дотор маань “Гэхдээ одоогийнхоосоо илүү харагдах ч юм билүү?” гэдэг бодол бас хадагдаж үлдэж билээ. Ингээд ээж маань жилд ер нь нэг удаа надаас асуудаг уламжлал тогтсон бөгөөд хамгийн сүүлд их сургуульд орохын яг өмнө “Давхраа хийлгэвэл яг одоо л хийлгэдэг цаг. Чамайг мэдэхгүй хүмүүсийн дунд орно, аягүй гоё өөр царайтай болоод ороход хэн ч мэдэхгүй шүү дээ” гэлээ. Гэвч ээжийг өөрийг нь анх давхраа хийлгээд эмнэлгээс орж ирэхэд харагдсан тэр онцгой содон төрх, нүдний боолт, улайлт, хавдартай дүр зураглал 6 настайгаас маань хойш мартагдаагүй болохоор хүчтэй байр сууриа ахин нэг хадгалж “Үгүй” гэж хэлж чадсан юм.
Ингээд 20 гарч ээж маань ч надаас ахиж асуухгүй боллоо. Би ч өөрөө бодолгүй явдаг авч, ядарсан, царай алдсан үедээ “Гэхдээ давхраа хийлгэсэн бол ямар харагдах байсан бол” гэдэг бодлоос үл зайлсхийсэн билээ. Заримдаа эмч, эмнэлэг судалж, давхраа хийлгэсэн найзуудаасаа туршлага сонсч, за тэгээд л цааш явж чадалгүй дуусдаг байв. Ингээд 3 хөөрхөн хүүхэдтэй болж нас маань 30 гарлаа.
20 нас маань яах аргагүй л дууссаныг би өөрийнхөө биеэр, царайгаар мэдэрч байсан учир ямар нэгэн “ИЛҮҮ” болгох, “ДЭЭР” болгох зүйлийг хүсч байв. Ингээд миний хувьд аль 16 настайгаас хойш яаж ийж байгаад л эхэлсэн, одоогоор хийж үзээгүй зүйл болох давхраагаа хийлгэх хүчтэй хүсэл бий болсон юм. Угийн аймхай хүн юм болохоор, бас одоогийн царайндаа дуртай хүний хувьд эхний ээлжинд утсан давхраа туршиж үзэхээр бат шийдэв. Учир нь зүсүүлж хийлгэсэн давхрааг буцааж болохгүй боловч утсан давхрааг байхгүй болгож болдог гэдэг нь надад маш сэтгэл амраасан мэдээ байлаа. Энэ талаар нөхөртөө, найзууддаа хэлээд үргэлжлүүлэн “Хэрвээ таалагдахгүй бол буцаагаад л авахуулчина биз” гэж нэмэхээ ч мартсангүй. Гэвч санаанд оромгүйгээр, бүхий л талаар дэмжиж байсан ээж маань харин эсэргүүцлээ. “Одоо хэрэггүй ээ, миний охин. 30 насанд үрчлээгүй л байхад болно”. Гэхдээ би аль хэдийн шийдсэн байв.
Ингээд миний хүсч байгаа хэв маягт таарах эмч дээрээ авсан цаг маань ирлээ. Хэдий эцсийн мөч хүртэл эргэлзэж байсан ч “Өдий 30 гарчихаад ганц утсан давхраа зэрэг дээр айх хэрэггүй, хүмүүс бүр их зүйл хийлгээд юу ч болоогүй юм шиг л явж байдаг шүү дээ, чи ч бас тэгнэ” гэж өөрийгөө зоригжуулаад хагалгааны өрөө рүүгээ орсон юм.
Процесс маань дуусч эмч маань надад толь өгсний дараа хамгийн анх өөрийгөө харсан мөчөө санаж байна. Миний зүгээр л маш их инээд хүрээд байв. Бага зэрэг хавдсан, бага зэрэг улайсан, ямар ч гэсэн өөр. Одоохондоо тэр л хангалттай байв. Сар гаруй “өөр” царайтай тэвчээд явчихвал жинхэнэ хөөрхөн царай нь түүний дараа нь орж ирэх болохоор жаахан тэвчихэд л хангалттай шүү дээ.
Хавдар, улайлт дуусахад долоо хоног оров. Ер нь төрх маань нэг ороод ирлээ шүү. Хагас сар болоход харсан хүмүүс “Чи хэлээгүй л бол давхраа хийлгэсэн гэж мэдэгдэхээргүй байна”, “Үнэхээр гоё натурал болжээ”, “Давхраа зохиж байна”, “Babyface-тэй болчихжээ” гэж хэлж байгаад маш баяртай байлаа. Гэвч доторх хүнд маань ерөөсөө тэгж санагдахгүй байв.
Өөрийгөө хараад танихгүй байв, дасахгүй байв, би биш л болсон санагдаад салахгүй байв. Гэвч хүсч хийлгэсэн хүн яах билээ, ядаж сайн суутал нь ахиад гурван сар тэвчинэ гээд давхраатай нүд хэрхэн будах бичлэгүүд өдөржин үзэж, шинэ будагнууд цуглуулдаг боллоо. Янз бүрээр будаж үзэж, сормуус хийлгээд ч миний хүссэн “Илүү хөөрхөн би” орж ирэхгүй л байлаа.
Ийм байдлаар хоёр сар өнгөрсний дараа би өөр мэс заслын бичлэгүүд үздэг болж өөрчлөгдсөн байв. “Илүү том давхраа хийлгэх үү?”, “Хүмүүс хоёр дах, гурав дахиа зөндөө л хийлгэдэг юм байна”, “Эсвэл хамраа өндөрлүүлэх үү”, “Эрүү, хацранд ч учир байгаа юм шиг”.
Ямар нэгэн юм нүүрэндээ хийлгэх ёстой юм шиг санагдах 30 нас дээр нэмээд хар багын, надаас дагаж л байсан зүйлээ гүйцээх гэж хийлгэсэн утсан давхраа маань яг л “Сим Сим” -ийн хаалгыг онгойлгосон мэт ёроолгүйгээр намайг шидэж ахин нэг хагалгаанд орохгүй л бол болохгүй юм шиг нөхцөл байдал үүсгэсэн байв. Ингээд хамар өндөрлүүлэх филлер утасны тухай ээлжит мэдээллээ үзэж байхдаа би “Давхраатай нүд”-ээ ахин тэвчихээ болихоор эцэст нь нэг юм шийдэж эмчээсээ давхраагаа авахуулах цагаа захиаллаа.
Процесс маань дуусч эмч маань надад толь өгсний дараа хамгийн анх өөрийгөө харсан мөчөө санаж байна. Тийм ээ, нэг нүд маань онцгой их хавдсаныг эс тооцоход би яг мөн байлаа. Давхраагүй болсон би. Насаараа л, дандаа л ийм төрхтөй байсан ч үүн шиг ингэж хагартлаа баярлаж, талархаж байсан удаа бий болов уу?
Хавдар, улайлт дуусахад долоо хоног оров. Анх “Зүгээр л авахуулчихна даа” гэж ярьж байсан ч цаг дээрээ давхраа хийлгэхээс давхраа авахуулах процесс нь илүү өвдсөнийг энд тэмдэглэх нь зүйтэй. Гагцхүү өөрөө л хүсч хийлгэсэн, бас хүсч авахуулж байгаа болохоор эмч маань утас үлдсэн эсэхийг нь нягт, тууштайгаар хайж үзэж байхад ч би чимээ гаргаагүй билээ.
Хоёрт тэмдэглэх зүйл бол би 3 хүүхдээ гаргасны дараа хөх сойлгох /томруулах биш шүү/, tummy tuck хоёрыг заавал хийлгэнэ гэж боддог байснаа больсон маань юм. Үнэхээр утсан давхрааг тэвчиж чадахгүй байгаа хүн тийм том хоёр хагалгааг тэвчиж, даван туулж гарахгүй гэдэг нь ч ойлгомжтой болсон.
Гуравдугаарт, амьдралдаа нэгэн цоо шинэ итгэл үнэмшилтэй болсон явдал маань. Тэр юу вэ гэвэл: Тийм ч шаардлагагүй бол битгий өөртөө мэс засал хийлгэ. Үүндээ бол давхраа хийлгээд өөртөө бүрэн сэтгэл хангалуун болсон хүмүүс, эрүүл мэндийн заалттайгаар мэс засал хийлгэж байгаа хүмүүсийг оруулаагүй юм шүү.
Харин яг над шиг, сонирхоод л, эргэн тойронд чинь хүн болгон хийлгээд гоё болж байгаа юм шиг санагдсан болохоор л, эсвэл зүгээр л энэ насанд ямар нэгэн юм заавал хийлгэж үзмээр санагдаад хийлгэх гэж байгаа бол БИТГИЙ. Том шийдвэр гаргахаасаа өмнө “Надад шаардлагагүй ч байж мэднэ шүү дээ” гэж эхлээд заавал бодох. Удаан бодох шүү.
Хүн хэзээ ч өөртөө 100% сэтгэл хангалуун байдаггүй байх. Ялангуяа эмэгтэйчүүд бид. Дээрээс нь нэмээд зар сурталчилгаагаар бидний үргэлж илүү дээр, илүү гоё, илүү сайхан хувилбар ирээдүйд байгаа мэт ухуулж байдаг болохоор өөртөө бүрэн сэтгэл хангалуун эмэгтэй ч үүнд холбирохгүй, сонирхохгүй байх хэцүү. Гэвч ирээдүйд амалж байгаа бидний илүү дээр дүр төрх яг үнэндээ тийм биш ч байж болно. Том шийдвэр гаргаж өөртөө ямар нэгэн юм хийлгэсний дараа “Хэрэггүй л байж дээ” гэдэг бодол зогсолтгүй төрж ч магадгүй. Яагаад гэвэл бид өөртөө таалагддаггүй бүх зүйлээ засах албатай биш, бас шаардлагатай ч биш. Бид өөрсөддөө бүрэн таалагдахгүй байж болно, гэлээ гээд өөгүй, төгс байх бас хэнд ч, бүр өөртөө ч өргүй. Бид алдаатай, өө сэвтэй өөрсдөөрөө бахархаж бас талархаж амьдрана. Тэр бүх төгс биш зүйлс биднийг энэ амьдралыг амьдарч байгааг сануулах болно.
Тэгээд ч бидний ирээдүйн тэр "хүршгүй" төгс хувилбар биш яг одоогийнхоороо, өөр өөрийнхөөрөө, давтагдашгүйгээрээ байх нь л “Бидний илүү дээр дүр төрх” байх ч юм билүү.
Жич: Энэ бүх 4 сарын хугацаанд надтай хамт байж, давхраа хийж, бас авч өгсөн мундаг эмчдээ /Манай NANDIN-ийн хэрэглэгч юм байна лээ :)/ талархал илэрхийлмээр байна. Над шиг хүнд сайн эмч таарсан болохоор л тэвчээртэйгээр энэ бүхнийг хийж өгсөн байх.
Жичийн жич: Том /жижиг биш шүү/ зүйл хийлгэхийн өмнө ахин нэг, дахиад нэг, заавал нэг бодоод л үзээрэй :)